A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Give your website a premium touchup with these free WordPress themes using responsive design, seo friendly designs www.bigtheme.net/wordpress
Эхлэл / Түүхэн замнал

Түүхэн замнал

ЭРДЭНЭМАНДАЛ СУМЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ

Монгол улсын нутгийн захиргааны өөрчлөлтөөр 1923 онд Зая бандидын шавийг 16 сум, 33 багтай Эрдэнэбулган уулын хошуу болгон өөрчилсний дотор Дэмчиг дацангийн нутагт Эрдэнэ, Мандал, Хануй сум гэсэн 3 сум байгуулагджээ.
1925 онд Эрдэнэ, Мандал, Хануй гэсэн 3 сум нэгдэж Эрдэнэмандал сум үүсэн байгуулагдсан түүхтэй.   Эрдэнэ сумын дарга байсан С.Балганжавыг анхны даргаар, Их хужиртын Доригийн Намсрайг сумын Нарийн бичгийн даргаар сонгожээ.
1959 онд Хан-Оюут сум дахин нэгдсэнээр засаг захиргааны шинэ зохион байгуулалтанд оржээ.
Одоо тус сум нь Засаг захиргааны хувьд 6 багтай. / Алаг-Уул, Идэр-Улаан, Эрдэнэ-Уул, Хан-Өндөр, Тээл, Өлзийт /  
Эрдэнэмандал сум нь 5626 хүн амтай, 1654 өрхтэй, 468,931 толгой малтай, мянгаас дээш малтай өрх 89, үүнээс 2000-аас дээш малтай 4 өрх байна.
Архангай аймгийн томоохон сумдын нэг юм.

Хангайн нуруунаас эх авсан Хануй, Хүнүй голын сав газрыг даган байрласан Хүннү гүрний үеийн хосгүй үнэт өв, соёл болох “Гол мод-1” цогцолборт газар Монголчууд эрт дээр үеэс хот суурин байгуулан амьдарч байсныг илтгэх Хар хул хааны балгасны туурь, төрөл бүрийн буган хөшөө, хиригсүүрүүд зэрэг түүхийн гэрч болсон олон баримтууд энэ нутагт байдгаараа онцлог юм.

Одоогоор Эрдэнэмандал сум нь нийт 336,2 мянган кв метр нутаг дэвсгэртэй. Архангай аймгийн хойд хэсэгт Улаанбаатар хотоос 500 км, Аймгийн төвөөс 168 км зайд байрладаг.

Нутгийн баруун цэг нь Халиун морьтын овоо, хойд цэг Хануйн голын тохой, зүүн цэг Бөхөн шарын нуруу, урд цэг нь Их халзангийн овоо юм.
Хамгийн том гол нь Хануйн гол бөгөөд Хангайн нурууны хойд хэсэг Их шивэртийн нуруунаас эх авч Чулуут, Ихтамир, Өндөр-Улаан сумдын нутгаар дайрч Эрдэнэмандал сумын нутгаар 70 км үргэлжилдэг. Голын нийт урт нь 421 км. Хамгийн том нуур Их нуур юм.

Тус суманд ИТХ, Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургууль,
Сум дундын эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, Сум дундын цагдаагийн тасаг, Сум дундын ойн анги, Эмийн сан, Ус цаг уурын алба, Мал эмнэлгийн 3 хоршоо, Банк санхүүгийн 2 хоршоо, Мал аж ахуй, хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 6 хоршоо, Хүнсний дэлгүүр-29, Хувийн хэвшлийн 29 аж ахуйн  нэгж тус тус үйлчилгээ явуулж байна.

Эрдэнэмандал сум нь Улаанбаатар хотоос 500км, Аймгийн төвөөс 168км-т орших бөгөөд Баруун,зүүн аймгуудын зам тээврийн болон мал тууврын гол зангилаа замууд дайран өнгөрдөг ба мөн Улаанбаатар Мөрөнгийн босоо тэнхлэгийн замаас 40 км-т байрлах зэрэг стратегийн чухал ач холбогдол бүхий бүс нутаг юм. 

Эрдэнэмандал сумын түүхийн товчоон

1586 он. Заяын хүрээний шавыг тавив.
1645 он. Зая гэгээн Лувсанпэрэнлэй түмэн өлзий гийжээ.
1925 он. Эрдэнбулган уулын хошуу байгуулагдав.
1926 он. Сумын мал эмнэлэг байгуулагдав. 
1930 он. Сумын сургууль байгуулагдав.
1933 он. Сумын эмнэлэг байгуулагдав. 
1948 он. Гол модны булшнаас Хүннү гүрний үеийн мөнгөн хазаар олов.
1949 он. Өлзийт дэнжид сумын улаан булан байгуулагдав. 
1952 он. “Хөдөлмөрч” нэгдэл байгуулагдав. 
1960 он. Сумын сургууль бүрэн дунд сургууль болж өргөжив.
1964 он. Ажил хөдөлмөрийн бүтээмж, үр дүн хийгээд мал сүргийн тоогоор улсад хоёрдугаар байрт шалгарав.
1969 он. Эрдэнэмандал сумын Хөдөлмөрч нэгдэл “Алтан гадас” одонгоор шагнуулав.
1999 он. Заяын гэгээний 15 дахь дүр Лувсанданзанпүлжинжигмэд Хүнүй байгаас тодров. 
2003 он. Эрдэнэ-Уул багийн малчин И.Жанцандорж “Монгол улсын гавьяат малчин” цол хүртэв. 
2010 он. Сумын Засаг даргын Тамгын газар хоёр давхар шинэ байртай болов.
2011 он. Сумын эмнэлэгийн их эмч Ц.Дэнсмаа “Монгол улсын гавьяат эмч” цол хүртэв.
2012 он. Сумын сургуулийн багш Г.Батсуурь “Монгол улсын гавьяат багш” цол хүртэв.
2013 он. Хануйн Их нуурыг сэргээв.
2014 он. Улсад хамгийн олон малтай, хоньтой сум болж, улсын шилдэг сумаар шалгаран, Засгийн газраас 100 сая төгрөгөөр шагнуулав. 
2014 он. Монгол улсын тэргүүний сумаар шалгарав. 
2015 он. Улсад хамгийн олон мал /420445/, хоньтой/273603/ сумаар дахин шалгарав. 
2015 он. Заяын гэгээний Дэмчиг дацан хийдийг сэргээн босгов.
2015 он. Д.Самбуу арслангийн хөшөөг босгов.