A huge collection of 3400+ free website templates JAR theme com WP themes and more at the biggest community-driven free web design site
Эхлэл / Мэдээ, мэдээлэл / Эрдэнэмандал эртний түүхийн өлгий

Эрдэнэмандал эртний түүхийн өлгий

Эрдэнэмандал сумын уугуул, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, археологич, доктор /Ph.D/ Насан-Очирын ЭРДЭНЭ-ОЧИР

Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэр нь Төв Ази, тэр тусмаа Монгол орны зүрхэн тушаа орших төв халхын онгон дагшин хөвч хангай, тунгалаг ариун гол мөрөн, уужим тэнүүн тал хөндий, түүхийн урт удаан хугацааны турш хүн оршин амьдарч байсныг гэрчлэх олон зуун булш, хиргисүүр, хөшөө дурсгал, хот балгад, нүүдэлчин түмний эртний түүхийн баялаг сан хөмрөгийн өлгий нутаг билээ.

Тус сумын нутагт орших чулуун зэвсгийн дурсгалт Хануй, Хүнүй голын сав, Идэр улаан уул, Өлзийт дэнж, хүрэл зэвсгийн үеийн булш, хиргисүүр бүхий Алаг уул, Баруун, Зүүн Цүүр, Олон овоот, Билүүт, Бөмбөгөр, Их Жаргалант, Тасгын даваа, Хайлааст өндөр, Хужирбулант, Эрдэнэ уул, Холбоо толгой, Төгөл уул, Тойром бүрд, Саадаг толгой, Хөх асгат, Айраг нуур, Хан-Өндөр уул, Сүүл толгой, Өлзийт орон, Бургаст, Тал булаг, Хан-Оюут, Идэр-Улаан уул, Цоргын хөндий, Жаргалантын ам, Хана уул, Хадат толгой, хадны зургийн дурсгалт Алаг уул, Хужиртын цутгалан, Бичигт хангай, Мандал цохио, буган чулуун хөшөөт Баруун Цүүр, Бөмбөгөр уул, Бүрдийн адаг, Сахилдаг, Тасгын даваа, Хужирбулант, Хэрмийн ар, Уртын ам, Тал булаг, Цоргын хөндий, Хүннүгийн үеийн дурсгалт Гол мод, Наймаа толгой, Хадат гозгор, Хөндий ам, Төгөл уул, Бумбат, Залаат уул, Хүүшийн дөрөлж, Тэмээн хад, Эрдэнэ уул, Тал булаг, Идэр-Улаан, Түрэгийн үеийн булш, тахилын онгон, хөшөө дурсгалт Билүүт, Их Хануй нуур, Хана уул, Нарийн гол, Бүрдийн адаг, Оломт уул, Өлзийт дэнж, Улаан толгой, Хөшөөн тал, Бага улаан, Өндөр толгой, Усны гозгор, Ар булгийн эх, Эрдэнэ уул, Холбоо толгой, Уйгарын дурсгалт Цоргын дөрвөлжин хэрэм, Хөшөөн тал, Монгол гүрний үеийн хот хэрэм, булш оршуулга бүхий Хархул хааны балгас, Тойром бүрд, Өлзийт дэнж, Зүүн Цүүрийн гол, Уртын ам зэрэг түүх, археологийн дурсгалт газрууд зуун зууны түүхийг хүүрнэн байна.

Эдгээрээс дэлхийд данстай томоохон дурсгалд Гол модны хүннүгийн язгууртны оршуулгын дурсгал зүй ёсоор орох бөгөөд 2014 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн урьдчилсан жагсаалтанд бүртгүүлсэн билээ. Газар усны нэр эрт цагт тэнд оршин байсан төр улс, овог, аймаг мөн тухайн газарт болсон түүхэн үйл явдалтай ямар нэг сэжимээр холбоотой байдаг. Иймийн учир 1956 онд археологич Ц.Доржсүрэн Бугатын нуруунаас эх аван Эрдэнэмандал, Хайрхан сумдын нутгийг дайрч Хануй голд нийлдэг Хүнүй гол Хүннү нарын түүхтэй хэрхэн холбогдох, тэдний үлдээсэн түүх, соёлын дурсгал байдаг эсэхийг шалгах зорилгоор хайгуул хийсэн байдаг. Харин Хүнүй голын сав нутаг түүний урмыг хугалаагүйгээр үл барам 2000 жилийн тэртээд нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулж, дэлхийн талыг эзэлж асан хүннүчүүдийн төрж өсөн, идээшин амьдарч, өтгөс буурал, ихэс дээдсээ оршоосон өлгий нутаг нь болохыг бүрэн нотлох 500 орчим булш, оршуулга бүхий гайхамшигт дурсгалаа дэлгэн үзүүлсэн байдаг. Уг дурсгалаас Ц.Доржсүрэн болон Монгол-Францын хамтарсан археологийн шинжилгээний анги хүннүчүүдийн ёс заншил, аж ахуй, соёл, урлаг, оюуны бүтээл зэргийг нэхэн тодруулахад үнэтэй хувь нэмэр болохуйц олон чухал олдвор хэрэглэгдэхүүн нээн илрүүлснийг бид бүхэн мэднэ.

Мөн эртний Түрэгийн хаант улстай (552-745) холбоотой хүн чулуун хөшөөд, руни бичгийн дурсгал бүхий Их Хануй нуурын тахилын онгоныг дурдаж болно. Оросын эрдэмтэн С.Г.Кляшторный уг тахилын онгоны 28 үсэг-зуралгатай бичээсийг судалж …сиз кейин бедизингизин бунча казгану бертиниз… барты берти… хэмээн галиглаж, судлаач Л.Болд … үүний дараа таны бедиз та тийм их хэмжээгээр олсон … тэр цомоо бэлэглэв хэмээн монгол хэлнээ буулгасан хэдий ч чухам хэдийд, ямар үйл явдалд зориулан бичсэн нь өдгөөг хүртэл тайлагдаагүй байна.

Одоогийн байдлаар Эрдэнэмандал сумын нутагт хүрэл зэвсгийн үед холбогдох уран нарийн хийцтэй, сүрлэг үзэмжит 33 буган хөшөө бүртгэгдсэн бөгөөд нүсэр байгууламж бүхий хиргисүүр, дөрвөлжин булш, ахуй, аж байдлыг дүрсэлсэн хадны зургууд, хүннү болон монгол гүрний үеийн булш, оршуулга, түрэгийн тахилын онгон, хүн чулууд, эртний хотын туурь зэрэг томоохон дурсгалууд олныг тоочиж болно.

Эрдэнэмандал сумын нутагт явагдсан сүүлийн үеийн археологийн судалгаагаар эрдэм шинжилгээний олон чухал шинэ үр дүнгүүд бий болсоор байна. Тэдгээр судалгааны нэг нь 2017-2019 онд явагдсан Монгол-Германы хамтарсан “Хархул хааны балгасны геомагнетик болон археологийн хайгуул судалгаа” эрдэм шинжилгээний төсөл бөгөөд ШУА-ийн Археологийн хүрээлэн, ХБНГУ-ын Бонны Их Сургуультай хамтран 1999 оноос хоёр улсын ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлж буй “Хархорум” төслийн салбар анги болж байснаараа онцлог байв. Тус эрдэм шинжилгээний төслийг 3 жилийн хугацаанд Эрдэнэмандал сумын нутагт хэрэгжүүлж, олон чухал үр дүнд хүрснийг тэмдэглэх нь зүйтэй. Төслийн үр дүнд Хархул хааны балгас болон түүний орчим Хануй голын савд нийт 80 км2 талбайд нарийвчилсан хайгуулын арга зүйгээр 100 орчим иж бүрдэл дурсгалыг илрүүлэн, бүртгэн баримтжуулсан бөгөөд шинэ чулуун зэвсгийн үед холбогдох 200 орчим булш бүхий томоохон оршуулгын цогцолбор дурсгал (Өлзийт дэнж), хүрэл зэвсэг, хүннү, түрэг, монгол гүрний үеийн 150 орчим дурсгал, Хархул хааны балгас хэмээх эртний хотын барилгын материал үйлдвэрлэж байсан 40 орчим зуухыг шинээр нээн илрүүлээд байна.

Малтлага судалгааны үр дүнд Хархул хааны балгаснаас хойд зүгт 2 км зайд, Хануй голын зүүн эрэгт орших барилгын материал үйлдвэрлэх зуухнаас сонгон малтаж 180 см өндөр, 352 х 376 см хэмжээтэй зууван дугуй хэлбэртэй тоосгон өрлөг бүхий үндсэн байгууламжтай, өмнө талдаа 155 см өндөр, 200 см урт, 170 см өргөн гал түлэх камертай барилгын материал үйлдвэрлэх зориулалттай тоосгон зуухыг илрүүлсэн юм. Уг зуухны орчмоос олон тооны тоосгоны хагархай, дээврийн ваарны хагархай, өмхөрсөн, шатсан мод, галын ором, модон баганын үлдэгдэл зэрэг барилга байгууламж байсныг илтгэх хэрэглэгдэхүүн, мөн малын ясны үлдэгдэл зэргийг илрүүлэн баримтжуулж, зарим хэрэглэгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээнд илгээн, урьдчилсан байдлаар 1299-1441 он буюу XIV-XV зууны дунд үед холбогдож буйг тогтоосон юм.

Мөн Өлзийт дэнж буюу хуучин онгоцны буудлын орчимд хайгуул судалгаагаар илрүүлэн бүртгэсэн 177 шороон байгууламжаас 172-р байгууламжийг сонгон туршилтын малтлага явуулсны үр дүнд өнгөн хөрснөөс 2.5 м гүнд толгойг нь баруун урагш хандуулж, биеийг нь атируулан, түрүүлгэ нь харуулж, хайрган чулуун зэвсэг болон галт уулын гаралтай уушгин чулуу дагалдуулсан 30-40 орчим насны эмэгтэй хүний оршуулга илрүүлж, урьдчилсан байдлаар одоогоос 7 мянган жилийн тэртээд холбогдох, Монгол улсын нутаг дэвсгэрээс анх удаа илэрч олдсон, нэн ховор оршуулгын цогцолбор дурсгал болохыг тогтоов. Уг дурсгалыг нарийвчлан судлахаар “Монголын төв нутаг дахь VII мянган жилийн тэртээх нэн ховор оршуулгын цогцолборын судалгаа (“Өлзийт дэнж”-ийн дурсгал)” суурь судалгааны төслийг 2020-2022 онд хэрэгжүүлхээр БСШУСЯ-нд өргөн бариад байна.

Хархул хааны балгас болон түүний хамаарлын бүсэд геомагнетикийн нарийвчилсан судалгааг ХБНГУ-ын Гэрэл зургийн технологийн хүрээлэнтэй хамтран сүүлийн үеийн дэвшилтэд технологи JESSY (Jena Sound System) багаж ашиглан нийт 220 га талбайд гүйцэтгэв. Судалгааны үр дүнд Хархул хааны балгас хэмээх эртний хотын дэвсгэр зургийг үйлдэж, огтлолцсон өргөн чөлөө бүхий олон барилга байгууламжтай, инженерийн төлөвлөлтийн дагуу байгуулсан, олон хүн ам суурьшсан томоохон хот байсныг баримтаар баталгаажуулсан юм.

Төслийн хүрээнд Хархул хааны балгас болон Хануй голын савд орших томоохон дурсгалт газруудын солбицол бүхий хамгаалалтын бүсийг Өлзийт дэнж-1 (312.16 га), Хархул хааны балгас-1 (272.00 га), Хархул хааны балгас-2 (3.65 га) гэсэн гурван хэсэг газарт тогтоон нийт 587.81 га талбайг сум, аймгийн хамгаалалтад авах талаарх хүсэлтийг сумын иргэдийн хурал, засаг даргын тамгын газарт өргөн бариад байна. Дээрх дурсгалууд нь Монголын эртний түүхийн олон чухал зангилаа асуудлыг шийдвэрлэх, тухайн үеийн бүрэн мэдээллийг агуулсан нэн чухал дурсгал болох үүднээс хамгаалалтын хилийн бүс тогтоож цаашид нарийвчлан судлах зайлшгүй шаардлагатай юм.

2017-2019 онд Эрдэнэмандал сумын нутагт хэрэгжсэн Монгол-Германы хамтарсан төслийн судалгаа нь шинжлэх ухааны өндөр ач холбогдол бүхий эрдэм шинжилгээний ажил болсон бөгөөд тус сумын уугуул УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва болон сумын удирдлага, нутгийн зөвлөл, нутгийн иргэд дэмжиж ажилласныг зориуд онцлох хэрэгтэй.

Эх сурвалж: ”Эрдэнэмандал-Хааны хот” сонин

Санал болгох

Соёлын тѳвѳѳс зохион явуулдаг “Сайн үйлсийн аян-3” Эрдэнэ-Уул багт ажиллаа

Соёлын тѳвѳѳс зохион явуулдаг “Сайн үйлсийн аян-3” Эрдэнэ-Уул багт ажиллаа6. Тус багийн ѳрх Д.Бямбадоржийнхийг сонгож …